Б.Цогзолмаа (Хувцас дизайнер,
бөх судлаач, докторант)
Товч агуулга. Монгол үндэсний бөх нь монголын биет ба биет бус соёлын үзэгдэл болох талаас нь монгол бөхийн өмсгөл – зодог шуудагны жишээн дээр гаргахыг зорив. Монгол бөхийг соёл судлалын үүднээс тайлбарлахыг оролдлоо.
Түлхүүр үг. Бөх, өмсгөл, зодог – шуудаг, соёл судлал, биет ба биет бус өв, зан үйл.
Үндэслэл. Монгол үндэсний бөх нь хүн үүсч хөгжсөн түүхтэй салшгүй холбоотойгоор эдүгээг хүрсэн урт түүхтэй. Бөх судлал нь эртний хадны сүг зурагт дүрслэн үлдээсэн баримтаас эхлээд аман соёл – тууль, ерөөл, магтаал, үлгэр, домог зэрэг уран зохиол, уран бүтээлүүдээр ам дамжсан домогт эрчүүдийн дүр төрхөөр үе үеийн уран бүтээлч, судлаач, эрдэмтдийн сонирхлыг татаж онгодыг хурайлсаар иржээ. Монгол бөх, монгол бөхийн ертөнц өөрөө түүх соёл, урлагийн гайхамшиг мөн. Монгол бөх судлал, бөхийн соёл судлал Монгол улсад, монгол туургатны хэмжээнд хожуу судлагдсан шинэхэн шинжлэх ухааны салбар юм аа. Монгол бөх тэр аяараа монгол ухааныг цогцлоосон монгол мэдлэгийг хуримтлуулсан соёлын том объект мөн.
Бөх судлал эхлээд спорт, наадам, биеийн тамир талаасаа судлагдаж, өвлөгдөж, хөгжиж иржээ. 1990-ээд оноос МҮБХ байгуулагдаж, монгол бөх судлалаар эрдмийн, судалгааны ажил хийгдэж, ном, зохиол олноор хэвлэгдэн гарчээ.
Хамгийн ахны монгол бөхийн сэдвээр эрдмийн зэрэг цолыг Х.Баянмөнх аварга, П.Дагвасүрэн арслан, Ба Болд (Японд монгол бөхийн соёлоор), Б.Буяндэлгэр, Ж.Ганболд, Б.Батсүх зэрэг эрдэмтэд, бөхчүүд, тамирчид хамгаалсан.
1990-ээд оноос уламжлалт бөхийн сорилыг үргэлжлүүлсэн бөхийн дээд сургууль, дэвжээ олноор төрөн гарчээ. Тухайлбал: Анхны хувийн дээд сургууль “Шонхор” (Х.Баянмөнх аваргын), “Их Шавийн Дээд Сургууль” (Мөнхбат аваргын), “Аварга Дээд Сургууль” (Б.Бат-Эрдэнэ аваргын) сургуулиуд, нутаг нутгийн бөхийн дэвжээ, клубууд зэрэг.
1998 онд “Монгол бөхийн өргөө” ашиглалтанд орсон нь бөх судлалын, бөхийн хөгжлийн төв болсон.
Зорилго.
Бөх судлалыг тэр тусмаа бөхийн соёл судлалыг “монгол үндэсний бөхийн өмсгөл – зодог – шуудаг”-ны бэлгэдэл, зан үйл, эрхэмнэл бахархал, шүтээн байдгийн жишээн дээр гаргах зорилготой.”
Арга зүй, үзэл баримтлал.
Монгол үндэсний бөх нь олон талт эрдэм ухааныг өөртөө шингээн биеэрээ тээсэн бүхэл бүтэн соёл юм. Монгол бөхийн соёл гэдэг нь бөхийн ертөнцийг бүрэлдүүлэгч бөхчүүд, зан үйл, жаяг дэгийн багийнхан, үзэгчид, бөхийн барилдааны дэг жаяг, дүрэм горим, түүний өмсгөл зүүсгэл, гэх мэтчилэн урлагийн тайз, уран бүтээлийн өвөрмөц ертөнц, монгол ардын мэдлэг ухаан, авьяас мэдрэмжийн уурхай мөн. Бөхийн дэвээ, шаваа, өрөө, барилдаан, мэх, өмсгөл хувцас, үйл хөдлөл нь бэлгэдлийн цогц болох нь харагдаж, үзэгчдэд мэдрэгдэж хүртэж цэнгэж байдаг урлаг.
Соёл судлаач, доктор Ж.Долгорсүрэн* <<Соёлын тухай мэдлэгийг дээд түвшний оюун ухаан буюу мета онол гэж үзээд соёлын тухай мэдлэг нь хүмүүний амьдралын утга учир, оюун санаа, ур чадвар, итгэл үнэмшил, сүсэг бишрэл, ертөнцийг үзэх үзэл, бодит сонголттой салшгүй холбоотой харилцаа, бүтээн туурвих үйл ажиллагаа, нийгэм түүхийн үйл явцын агуулга, ач холбогдол, бэлгэдэл, тэмдэг дохионы гүн утгыг тайлан тайлбарлахад зорьдог онцлогтой>> гэжээ. Иймээс монгол бөхийг соёл судлалын үүднээс монгол бөх нь гайхамшигт эрдэм ухааны ид шидээр илэрхийлэн баясгаж эрчим хүч өгч байдаг тэмдэг дохионы тогтолцоо юм. Тухайлбал: даваад малгайгаа өмсөх, дэвэх, шавах, тахим өгөх, авах, туг тойрох мэтчилэн цаашид урлаг судлалын өнцгөөс ч судлах шаардлагатай байна.
Дэвээ, шаваа, өмсгөл хувцасны ширээсний тоон утгаас, давах, унах тэмдэг дохионы бэлгэдэл тахим авах, өгөх ёсноос ч, туг тойрох, хишиг хүртээх (боорцог тараах) зан үйлээс ч судлахад символизм буюу бэлгэдэлзүй, семетика буюу тэмдэг зүйн үүднээс соёл судлалын судлагдахуун болгон судлах боломжтой юм.
Монгол бөхийн өмсгөл нь тэр аяараа урлагийн том бүтээл. Өмсгөл хувцсыг бүтээх, хэрэглэх, хадгалах нарийн дэг жаяг нь өөрөө соёл.
Соёл – том эрх чөлөө. Өөрөө өөрийгөө эмхлэн цэгцэлсэн хүч гэж үздэг. Монгол бөхчүүдийн дотор тогтсон өөрөө өөрийгөө эмхлэн цэгцлэх ухаан нь соёл судлалын судлагдахуун юм. Монгол бөхөд зэрэг, дэвийг тогтоосон (цолны эрэмбээр) өөрөө өөрийгөө дотроос нь эмхлэн цэгцлэх, шатлан захирах ёс байдаг. Монгол бөхийг синергетикийн үүднээс судлах боломж байна. Иймээс монгол бөх судлал нь олон шинжлэх ухааны уулзвар дээр судлагдах том соёл, монгол зан үйлийн тогтолцооны чуулбар мөн. Монгол бөх судлалыг түүх соёл судлал, урлаг гоо зүйн үүднээс цогцоор нь судлах шаардлагатай байгааг 2011.09.17-26-нд барилдсан 6002 бөхийн барилдаан (Гиннесийн дээд амжилт тогтоосон) үед мэдрэгдэж байлаа.
Судалгаа
Монгол бөхийн барилдааны зан үйлийг доктор, профессор Ц.Эрдэнэбат* <<Далд соёлын амин сүнс нь монгол бөх мөн. Монгол бөх биеийн, сэтгэлийн, хэлний эрдэм авъяасыг тээн, цогцлоон өвлөн явдаг. Биеийн эрдэм дээр тулгуурласан үндэсний соёлын үнэт зүйл>> гэж тодорхойлсон. Бие, хэл, сэтгэлээрээ монгол бөх философи юм. Цол дуудах нь ертөнцийг үзэх, үзэл хүмүүнийг үзэх үзэл, түүний дархлаа байсан. Монгол бөхийн ертөнцөд монголчуудын үндэсний соёлын үнэт зүйл оршдгийг монгол бөхийн өмсгөл хувцсаар жишээлж гаргахыг оролдов.
Монгол бөхөд
· Хувийн зан үйл
· Барилдааны зан үйл
· Уламжлалт зан үйл
· Шашны зан үйл байдаг.
Монголчууд эрдэм ухаанаа, элгэн халуун хайраа, уран сайхан авъяасаа, мэдрэмж мэдлэгээ эдэд шингээж, эдээрээ бахархаж явдгийн нэгэн жишээ нь монгол бөхийн өмсгөл – зодог, шуудаг юм.
Энгийн нэгэн эд өлөгт ямар их ухаан, мэдлэг, соёл тээн явдгийн нэгэн жишээ Хөвсгөл аймгийн орон нутгийг судлах музейд хадгалагдаж буй “Годон” хэмээх Дампил арслангийн торгон зодог шуудаг. Гурван зуун дамжсан элэгдэж, хөвөршсөн энэ зодгонд эв дүй, эвлэрэх ухаан, их авъяас, эрдэм мэдлэг хуран байдгийг бие, сэтгэл, оюунаараа мэдэрсэн.
Хийх материал, торгоо, торгоны өнгөө сонгохоос эхлээд бэлгэдэл, билэг чанар, урлаж оёсон оёдол, ширээс хатгаас бүхэн дизайн урлагийн шинэ шийдлүүд, тээгч, амьдруулагч, монгол түмний бахархал. Энэхүү зодог шуудаг нь нэг талаараа биет (бодит) соёл, өв. Нөгөө талаараа тахигдан уламжлагдаж шүтэгдэх шүтээн, биет бус өв юм. Монгол бөхчүүдийн өмсгөл хувцсаа бэлтгэх, өмсөх, тайлах, хадгалах, нандигнах, шүтэх, шүтүүлэх нарийн дэг жаяг том соёл нь бөхчүүдийн бие, сэтгэл, хэлээр дамжин өвлөгддөг. Монгол бөхийн “малгай”-н соёл гэж их нарийн ухаан шингэсэн үнэт зүйл байдаг. Хувцсаа өмсөх дэг жаяг малгайгаар эхлээд малгайгаар дуусдаг. Малгайг хэзээ ч газарт тавьдаггүй. Малгайгаар тэмдэг дохио, зан үйл хийдэг. Тухайлбал: Барилдахын өмнө засуул дээр очиж засуул нь малгайг нь хүндэтгэлтэйгээр өргөн бөхийг зарлан тавина. Унасан бол засуулын гараас малгайг аваад өөрөө явуут дундаа өмсөнө. Давсан бол засуул дээр ирж малгайг өмсгөж өгнө. Малгайгаа төвлөн засаад тугаа тойрно.
Сүүлийн жилүүдэд МҮБХ бөхийн малгайны дизайны өвөрмөц шийдлүүдийг оновчтой хийж, малгай бөхийн зэрэг дэв, цол, зиндааг илэрхийлдэг тэмдэг дохионы чуулбар болсон.
No comments:
Post a Comment